НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Дэлхийн Залуучуудын өдөр, Монголын Залуучуудын өдөр, нийслэлийн залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 95 жилийн ой, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга ОНӨҮГ, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төв болон Монголын Хүүхэд, Залуучуудын Эвлэл хамтран зохион байгуулна.  

Тус чуулганыг угтан 2018 оны 02 дугаар сараас эхлэн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас олон талт үйл ажиллагаа зохион байгуулж буй бөгөөд тэдгээрийн нэг нь “Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад залуучуудын оролцоо” сэдэвт уулзалт юм. Энэхүү уулзалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Хүүхэд, Залуучуудын Эвлэл хамтран Монголын Залуучуудын Холбооны байранд 200 хүний оролцоотойгоор 08 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

“Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад залуучуудын оролцоо” сэдэвт уулзалтад МУ-ын Хөдөлмөрийн баатар Р.Чимэддорж, Ё.Норовсүрэн нар уригдан оролцож, нийслэлийн хөгжил, тохижилт, бүтээн байгуулалтад залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэсэн туршлагаасаа хуваалцан, залуучуудтай санал бодлоо солилцов.

Цаашид 95 жилийн түүхтэй залуучуудын байгууллагын өв уламжлалыг хадгалан, ахмад үеийн “Хөдөлмөрч хүмүүжил”-ийг хойч үеийнхэндээ дамжуулах зорилгоор тэдний сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана.