НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тус хуралд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр, программ хангамжийн хэлтсийн дарга А.Амарсанаа нар оролцов.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв” нь 2017 оноос хойш залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан түвшин зэрэг нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж байна.

Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм. Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн төсөл гүйцэтгэх, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм.

Мэдээллийн технологийн сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, “Бизнес инкубатор төв”-өөс бүрддэг.

Тус сургалтын төвд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 834 нь амжилттай төгсөж, инкубатор төвөөр дамжуулан 20 иргэнийг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-ын төслийн санхүүжилтээс сар бүр 440,000 төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажуулж, 120 залуучуудыг ажлын байранд холбож өгсөн юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвтэй хамтран дадлага давамгайлсан аргаар мэдээллийн технологийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэхээс гадна 2017 оноос хойш БНСУ-ын компаниудтай хамтран мэдээллийн технологийн аутсорсингийн 100 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. 2019 онд уг төслийн хүрээнд мэдээллийн технологийн аутсорсингийн ажлын захиалга гүйцэтгэх программ хангамжийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай 500 мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

“Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр: Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшээгүй боловч тухайн чиглэлээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудыг “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвд 4 сарын турш төлбөргүй сурган хөгжүүлж, амжилттай төгссөн залуучуудыг 4 сарын турш инкубатор төвөөр дамжуулан бойжуулснаар ажлын байранд шууд холбон өгөх бололцоо бүрдэх юм. Тогтвортой ажлын байран дахь цалин 1 сая төгрөгөөс эхлэх бөгөөд цаашид авах цалингийн хэмжээ тухайн хүний ур чадвараас хамаарч нэмэгдэх боломжтой. Мөн залуучууд нийлж, чадвартай баг бүрдүүлж чадвал БНСУ-аас аутсорсинг захиалгаа өөрсдөө олдог болох юм.

Бид 2019 оноос эхлэн “WEB PUBLISHING” шинэ ангийг нээж байгаа бөгөөд тухайн ангид Солонгос хэлний топикийн 5-р түвшинтэй, программ хангамжийн чиглэлээр сурах сонирхолтой залуусыг урьж байна.

Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, НЗХГ-ын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв”

Утас: 9712-5557, 7012-2999

Та сургалтад бүртгүүлэхийг хүсвэл Энд дарж линкээр нэвтэрч бүртгүүлэхээс гадна сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцангаа сургалтын төвд ирж, бүртгүүлж болно.

Сургалтын төлөвлөгөө