НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нд болно

Залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг 3 дугаар сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэ тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд боллоо.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо Төрийн бус байгууллагатай хамтран залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, биеийн тамир, спорт, түүний дотор бодибилдингийн спортоор хичээллэхийг дэмжих, амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Тус санамж бичгийн хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг нь энэхүү тэмцээн юм.

“Ирээдүйн мистер 2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулж байна. 2006 оноос Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгож зохион байгуулж ирсэн түүхтэй юм.

Өнгөрсөн 2 дугаар сард бид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубт залуучууд өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээсэн. Үүний үр дүнд фитнессээр хичээллэх залуучуудын тоо өдрийн цагаар 500-1,000 хувь хүртэл өсөлттэй байгаа талаар фитнесс клубүүдээс мэдээлэл ирсэн. Бид цаашид олон үйл ажиллагааг шат дараалалтайгаар хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэв.

Монголын Бодибилдинг Фитнесийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар “Ирээдүйн мистер” тэмцээнд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчдыг оролцуулдаг онцлогтой. Тэмцээн 10 ангилалтай. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө.

Тэмцээний техникийн зөвлөлгөөнийг 3 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт 15:00 цагаас нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг тус зөвлөлгөөнд ирж авахыг хүсье”.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн бодибилдинг фитнессийн тэмцээний заавар

Тэмцээний зорилго:

  1. Эв нэгдэл Спорт-Олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэн сурталчлах.
  2. Бодибилдинг фитнессийн спортоор хичээллэх сонирхолтой залуучуудыг дэмжих, тэднийг ирээдүйн алдартай тамирчин болох үүд хаалгыг нээж өгөх зорилготой. /Улсын аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчид оролцох боломжгүй/
  3. Бодибилдинг фитнессийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, олон нийтийг амьдралын зөв хэвшилтэй болоход уриалах.

Тэмцээний ангилал:

  1. Бодибилдинг 65кг,
  2. Бодибилдинг 70кг,
  3. Бодибилдинг 75кг,
  4. Бодибилдинг +75кг,
  5. Эрэгтэй фитнесс,
  6. Эмэгтэй фитнесс,
  7. Эмэгтэй модель 165см хүртэл,
  8. Эмэгтэй модель 165см-с дээш,
  9. Эрэгтэй спорт модель 175см хүртэл /биеийн өндөр – 102 = биеийн жин/,
  10. Эрэгтэй спорт модель 175см-с дээш /биеийн өндөр – 100 = биеийн жин/,

Жишээ нь: Таны өндөр 173см бол  (173см-102=71кг), таны биеийн жин 71кг-с хэтрэх ёсгүй гэсэн үг. Хэрэв 180см өндөртэй бол (180см-100=80кг) таны биеийн жин 80кг-с бага байх ёстой юм.

Шалгаруулалт:

Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах ба жингийн аваргын төлөө өрсөлдөнө.

1. Бодибилдинг ангилал:

Тус ангиллын тамирчид хөтлөгч шүүгчийн командаар эгц урдаас болон араас биеийн тэгш харьцааг харуулах үндсэн 7 зогсолт /поз/ барьж үзүүлнэ. Үүнд:

Гарын 2 толгойт булчин урдаас,

Нурууны өргөн булчин урдаас,

Цээжний булчин хажуугаас,

Гарын 2 толгойт булчин араас,

Нурууны өргөн булчин араас,

Гарын 3 толгойт булчин хажуугаас,

Хэвлий, хөлийн 4 толгойт булчин урдаас зэрэг зогсолтыг /поз/ хөтлөгч шүүгчийн командаар нэгэн зэрэг барьж өрсөлдөнө. Финалын таван байрт шалгарсан тамирчид 60 секунд хүртэл хугацаанд чөлөөт үзүүлбэр үзүүлнэ.

Фитнесс ангилал /эр, эм/:

Тус ангиллын тамирчид 2 үе /раундаар/ өрсөлдөнө. Хоёр үеийн /раундын/ нийлбэр дүнгээр тамирчид байр эзэлнэ.

Нэгдүгээр үед /раундад/ өөрийн сонгосон аянд:

  • Хурд,
  • Хүч,
  • Акробат,
  • Уян хатан,
  • Үзүүлбэрийн зохиомж зэрэг заавал үзүүлэх ёстой эдгээр элементүүдийг багтаасан чөлөөт үзүүлбэр үзүүлнэ. Чөлөөт үзүүлбэрийн үргэлжлэх хугацаа 90 секунд хүртэл байна.

Хоёрдугаар үед /раундад/ тамирчид биеийн тэгш харьцаа болон бэлтгэлжилтийг дөрвөн талаас харуулна. Тамирчид фитнессийн зориулалттай хар өнгийн өмсгөл өмсөх ба биеийг зохих хэмжээнд кремдсэн байх шаардлагатай.

2. Эмэгтэй модель болон эрэгтэй спорт модель ангилал:

Тус ангиллын тамирчид нь биеийн гоо сайхан, харьцаа /пропорци/ бэлтгэлжилт болон булчинлаг байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар зэргийг чухалчлах хэрэгтэй. Эмэгтэй модель ангиллын тамирчид өөрийн сонголтоор гялалзсан, өнгөлөг чимэглэл бүхий бикини хувцаслалттай байна.

Эрэгтэй спорт модель ангиллын тамирчид өвдгөөр татсан богино өмд /шорттой/ байна. Тус ангиллын тамирчид нь тайзан дээр тэмдэглэх 3 цэгийн дагуу алхаж өөрийнхөө давуу талыг илэрхийлэх зогсолтыг /поз/ барьж үзүүлнэ. /боди поз барьж болохгүйг анхаарна уу/. Мөн биеийн тэгш харьцаа болон бэлтгэлжилтийг дөрвөн талаас харуулна.

ШАГНАЛ

АНГИЛАЛ ТУС БҮРТ:

1-Р БАЙР  ЦОМ, АЛТАН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ

2-Р БАЙР  ЦОМ, МӨНГӨН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ

3-Р БАЙР  ЦОМ, ХҮРЭЛ МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ

4-Р БАЙР  ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ

5-Р БАЙР  ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ

БАГИЙН ДҮНГЭЭР:

1-Р БАЙР ЦОМ, АЛТАН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ

2-Р БАЙР ЦОМ, МӨНГӨН МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ

3-Р БАЙР ЦОМ, ХҮРЭЛ МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ, ШАГНАЛ

Тэмцээний хуваарь:

1.  Техникийн зөвлөгөөн 2018 оны 3 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт 15:00 цагаас нийслэлийн Иргэний танхимд болно. Техникийн зөвлөгөөнөөр хувийн ариун цэврийг маш сайн сахиж ирэх хэрэгтэйг анхаарна уу. (биеийн илүүдэл үсийг авах)

  • жин үзэх: тамирчид ангиллын дагуу жингээ үзүүлэх /тэмцээний өмсгөлтэй байх/
  • хувийн дугаар сугалах,
  • бодибилдинг ангиллын тамирчид чөлөөт үзүүлбэрийн ая өгөх, /CD/
  • цээж зураг 1 хувь,
  • мандат авах /60,000 төг/-тэмцээний 3 тасалбар дагалдана.
  • туслахын мандат авах бол 1 хувь цээж зураг, хураамж 20,000 төг.

Тэмцээн 2018 оны 3 дугаар сарын 31-ний Бямба гарагийн 15:00 цагт нийслэлийн Соёлын төв өргөөнд болно. Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо.