НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО :

Хүний эрхэд суурилсан ёс зүйг эрхэмлэн залуучуудын хөгжилд чиглэсэн олон талт үйл ажиллагааг дэмжин ажиллана.

Байгууллагын түүх

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжийн дагуу үүсгэн байгуулагдсан.

Нийслэлийн залуучуудын эрүүл амьдрах, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх таатай орчинг бүрдүүлэх, хотын хөгжил, соёл, тохижилтод залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөгжил хамгааллын хууль тогтоомж, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, зохицуулах чиг үүрэг бүхий залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн захиргааны байгууллага юм.

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН БҮТЭЦ


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН
2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

4.6 ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ

Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил, соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болно.

4.6.1 Нийслэлд залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

4.6.2 Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулж, дугуйлан клубуудыг шинээр байгуулахыг дэмжинэ.

4.6.3 Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, биеийн тамираар хичээллэж, чийрэгжүүлэх, боломжийг өргөжүүлэн, спортын 6 төрлөөр нийслэлийн залуучуудын шигшээ багийг байгуулна.

4.6.4 Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна.

4.6.5 Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, залуучуудын санаачлага оролцоог нэмэгдүүлнэ.

4.6.6 Гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуусыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн: Залуучуудад иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөл бүрдэнэ. Нийслэлийн хөгжил тохижилтод залуучуудын санаачлага, оролцоог дэмжих тогтолцоо бүрдэж эрүүл чийрэг оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болно.