НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 5 сарын 18
Улаанбаатар хот

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж

2.1.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль Монгол Улсын иргэн 15-34 насны залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд үйлчилнэ.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“зорилтот бүлгийн залуучууд” гэж хэвийн ажиллаж амьдрахад нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.7-д заасан залуучуудыг;

4.1.2.“залуучуудын хөгжил” гэж залуучуудад тулгарах асуудал, бэрхшээлийг даван туулах чадамж, залуучуудын бие бялдар, оюун санаа, сэтгэлгээ, ур чадвар, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг;

4.1.3.“залуучуудын оролцоо” гэж залуучуудын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо илэрхийлэх, оролцох үйл явцыг;

4.1.4.“залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл” гэж залуучуудын хөгжил, оролцоог дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг;

4.1.5.“залуучуудын иргэний нийгмийн байгууллага” гэж залуучуудын оролцоотой, тэдний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагыг;

4.1.6.“сайн дурын ажил” гэж залуучуудын идэвх санаачилгаар явуулж байгаа ашгийн төлөө бус нийтэд тустай үйл ажиллагааг;

4.1.7.“залуучууд судлал” гэж залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас сэтгэхүй, хөгжлийг судлахад чиглэсэн шинжлэх ухааны нэг салбар судлалыг;

4.1.8.“амьдрах ухааны чадвар” гэж гэр бүл төлөвлөлт, санхүүгийн мэдлэг болон эрүүл, аюулгүй ажиллах, амьдрах зан үйл, дадал төлөвшил, нийгэм сэтгэл зүйн чадварыг;

4.1.9.“залуучуудын хөгжлийг дэмжих сан” гэж залуучуудын хөгжил, оролцоог дэмжихийн тулд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг.

5 дугаар зүйл. Залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд баримтлах зарчим

5.1.Залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд дараахь зарчмыг баримтална:

5.1.1.үндэсний эв нэгдэл, шударга ёсыг дээдлэх, ялгаварлан гадуурхахгүй байх;

5.1.2.залуучуудын хөгжлийн талаар төрийн бодлого, шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд залуучуудын иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн оролцоог хангах;

5.1.3.залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлж, тэдний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах.

6 дугаар зүйл. Залуучуудын эрхэмлэх зүйл

6.1.Залуучууд нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцохдоо дараахь зүйлсийг эрхэмлэнэ:

6.1.1.эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэх;

6.1.2.эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс зүйтэй, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх;

6.1.3.нийтэд тустай сайн дурын ажилд манлайлан оролцох;

6.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;

6.1.5.амьдрах ухааны болон санхүүгийн мэдлэг, чадвар эзэмшиж, сахилга баттай байх;

6.1.6.хэвлэл мэдээллийн болон цахим орчинд бусдыг гутаан доромжлохгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРӨӨС ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ

7 дугаар зүйл. Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл

7.1.Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг дараахь чиглэлээр зохион байгуулна:

7.1.1.хувь хүний хөгжил;

7.1.2.боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан;

7.1.3.эрүүл мэнд;

7.1.4.хөдөлмөр эрхлэлт;

7.1.5.аюулгүй амьдрах, хөгжих орчин.

8 дугаар зүйл. Залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих

8.1.Залуучуудын хувь хүний хөгжлийг дараахь чиглэлээр дэмжинэ:

8.1.1.ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн боловсролын төв, багш бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт хувь хүний хөгжлийг дэмжих, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хичээлийн агуулгыг тусгах;

8.1.2.залуучуудад зориулан хувь хүний хөгжлийг дэмжих, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх сургалт зохион байгуулахыг дэмжих;

8.1.3.түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучуудыг хамруулах;

8.1.4.залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын тухай утга зохиол, уран сайхны бүтээлийг дэмжих;

8.1.5.залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөрт тусгах;

8.1.6.энэ хуулийн 8.1.5-д заасан агуулга, хөтөлбөрийг зохицуулсан журмыг Засгийн газар батална.

8.2.Энэ хуулийн 8.1.1-д заасан хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

8.3.Энэ хуулийн 8.1.3-т заасан цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр хамрагдаж болно.

8.4.Энэ хуулийн 8.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэгт заасан залуучуудад цэргийн мэргэжил олгох журмыг Засгийн газар батална.

8.5.Энэ хуулийн 8.1.4-т заасан бүтээлийг сонгон шалгаруулах журмыг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

8.6.Энэ хуулийн 8.5-д заасан журмын дагуу шалгаруулсан бүтээлийг Залуучуудын хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.

9 дүгээр зүйл. Залуучуудын боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжлийг дэмжих

9.1.Залуучуудын хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмшүүлэхийг дараахь чиглэлээр дэмжинэ:

9.1.1.үндэстний цөөнх, шилжин суурьшигч, зорилтот бүлгийн залуучуудын боловсролын хэрэгцээнд суурилсан сургалтыг насан туршийн боловсролын хөтөлбөрийн дагуу эзэмшүүлэх;

9.1.2.залуучуудыг эх орондоо болон гадаад улсад мэргэжил эзэмших, мэргэших боломжийг бүрдүүлэх;

9.1.3.номын сангийн үйлчилгээг залуучуудад хүртээмжтэй болгох арга хэмжээ авч, цахим номын сан хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

9.1.4.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь хугацаат цэргийн алба хаасан, цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан суралцагчийн амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийн багц цагийг нөхөн тооцох;

9.1.5.энэ хуулийн 8.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэгт заасан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан, их, дээд сургуульд элсэн суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгох оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах.

9.2.Энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3-т заасан хөтөлбөрийг залуучуудын болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

9.3.Энэ хуулийн 9.1.4-т заасан багц цаг нөхөн тооцох журмыг боловсролын болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

9.4.Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, бие бялдар, түүх соёлын хөгжлийг судлахад чиглэсэн залуучууд судлалыг хөгжүүлнэ.

9.5.Энэ хуулийн 9.4-т заасан арга хэмжээг Шинжлэх ухааны академи хэрэгжүүлж, Засгийн газарт тайлагнана.

9.6.Залуучуудыг соёл, урлаг, шинжлэх ухааны шинэ бүтээл туурвихыг дэмжинэ.

9.7.Шинжлэх ухаан, өндөр технологи, инноваци, шинжилгээ, судалгааны чиглэлээр үндэсний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ.

9.8.Энэ хуулийн 9.6, 9.7-д заасан үйл ажиллагааг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж, Залуучуудын хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.

10 дугаар зүйл. Залуучуудын эрүүл мэндийг хамгаалах

10.1.Хорт зуршил, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл дадал, хэвшилтэй иргэн болж төлөвшүүлэх зорилгоор залуучуудын эрүүл мэндийг дараахь чиглэлээр дэмжинэ:

10.1.1.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчийг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулах;

10.1.2.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь оюутан, суралцагчийг эрүүл мэндийн даатгалд хамруулах;

10.1.3.өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, цахим эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэх;

10.1.4.залуучуудад гэр бүл төлөвлөлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг боловсрол, эрүүл мэнд болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулах;

10.1.5.зорилтот бүлгийн залуучуудад чиглэсэн биеийн тамир, спорт, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх;

10.1.6.олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөрт залуучуудад архи, тамхи, мансууруулах бодисын хор уршгийг ойлгуулах, эрүүл, зөв амьдралын хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ тусгах, хэрэгжилтийг зохион байгуулах.

10.2.Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.5, 10.1.6-д заасан арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

11 дүгээр зүйл. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

11.1.Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дараахь чиглэлээр дэмжинэ:

11.1.1.оюутан, залуучуудыг ажилд зуучилсан хөдөлмөрийн биржийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх асуудлыг хөдөлмөрийн болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хэрэгжүүлэх;

11.1.2.залуучуудыг хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг дэмжих;

11.1.3.гадаад улсын тэргүүн туршлага, өндөр технологи, шинэ санааг үндэсний технологи болгон нутагшуулах, гарааны компани эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх;

11.1.4.хөдөлмөрийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран малчин залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

11.1.5.гадаад улсад өндөр технологи, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо ажиллахыг дэмжих хөтөлбөрийг гадаад харилцааны болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлэх;

11.1.6.мэргэжлийн ур чадвараа сайжруулах, шинэ мэргэжил эзэмших сургалтад ажилгүй залуучуудыг хамруулах;

11.1.7.орон нутгийн захиалгат ажлын байранд ажиллахаар очсон залуучуудыг дэмжих;

11.1.8.ажил олоход хүндрэлтэй болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгссөн төгсөгчдийг дадлагажуулан байнгын ажлын байраар хангасан ажил олгогчийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжих;

11.1.9.хувийн хэвшлийн байгууллага /100 ба түүнээс дээш ажилтантай/ нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргах;

11.1.10.энэ хуулийн 6.1.3, 6.1.4, 8.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хамрагдаж, төрийн албанд орох сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албанд ажиллахад давуу тал болгон тооцох.

11.2.Энэ хуулийн 11.1.2, 11.1.3, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9-т заасан арга хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

11.3.Энэ хуулийн 11.1.9-т заасан цагаар хөдөлмөр эрхлэх журмыг Засгийн газар батална.

12 дугаар зүйл. Аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх

12.1.Залуучуудын аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг дараахь чиглэлээр дэмжинэ:

12.1.1.орлоготой нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдаж авах, түрээслэх, зорилтот бүлгийн залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг залуучуудын болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран хэрэгжүүлэх;

12.1.2.залуучуудыг гэмт хэрэгт татагдан орохоос урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн оролцоотой зохион байгуулах;

12.1.3.хорих болон засан хүмүүжүүлэх байгууллагад хоригдож байгаа залуучуудад зориулсан сэтгэл заслын үйлчилгээ, соёл, спорт, хүмүүжлийн арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотой зохион байгуулах;

12.1.4.гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлсэн залуучуудад боловсрол, мэргэжил олгох, хорих ангиас суллагдах үед ажлын байраар хангах талаар төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн гаргасан санаачилгыг дэмжих;

12.1.5.хөдөө, орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байгаа залуучуудыг дэмжих, алдаршуулах.

12.2.Энэ хуулийн 12.1.2, 12.1.3, 12.1.4, 12.1.5-д заасан үйл ажиллагааг залуучуудын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ.

12.3.Залуучуудын өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг дараахь чиглэлээр дэмжинэ:

12.3.1.залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн, соёл, урлаг, биеийн тамир, спортын цогцолбор, хөгжлийн төв, цэцэрлэгт хүрээлэн, дэд бүтцийг шинээр барьж байгуулах, өргөтгөх төсөл, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэх;

12.3.2.залуучуудын авьяас чадвар, бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэхэд шашин болон улс төрөөс ангид урлаг, соёл, спортын арга хэмжээнд залуучууд оролцох, эдгээр арга хэмжээг зохион байгуулсан хуулийн этгээдийг дэмжих;

12.3.3.түүх, соёлын өвийг хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ардын урлаг, ёс заншил, уламжлалт зан үйлийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах;

12.3.4.залуучуудын дунд гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэх, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх, сурталчлах үйл ажиллагааг дэмжих;

12.3.5.байгаль орчныг хамгаалах ардын зан үйлийг сурталчлах, төлөвшүүлэх санаачилгыг дэмжих.

12.4.Энэ хуулийн 12.3.1, 12.3.2, 12.3.3, 12.3.4, 12.3.5-д заасан үйл ажиллагааг бүх шатны Засаг дарга нар хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ ДЭМЖИХ

13 дугаар зүйл. Нийгмийн хөгжилд залуучуудын оролцоог дэмжих

13.1.Төрөөс залуучуудын оролцоог дараахь чиглэлээр дэмжинэ:

13.1.1.залуучууд өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад оролцох, хэрэгжилтийг хамтран зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

13.1.2.залуучуудын иргэний нийгмийн байгууллагын нийтэд тустай үйл ажиллагааг дэмжих;

13.1.3.залуучуудын хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих.

14 дүгээр зүйл. Залуучууд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөл үзүүлэх

14.1.Залуучуудыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

14.1.1.шийдвэр гаргах, нөлөөлөл үзүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд шууд болон өөрийн төлөөллийн байгууллага, хуулийн этгээдээр дамжуулан оролцох боломжийг бүрдүүлэх;

14.1.2.сайн засаглалыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх, түүнийг бууруулах үйл ажиллагаанд залуучуудын оролцоог дэмжих.

15 дугаар зүйл. Сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих

15.1.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага залуучуудын иргэний нийгмийн байгууллага, нийтэд тустай үйл ажиллагаа, хөдөлгөөнийг дараахь чиглэлээр дэмжинэ:

15.1.1.залуучуудыг бие даан амьдрах, нийгэм, эдийн засгийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулах;

15.1.2.залуучуудын соёл, боловсрол, иргэний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

15.1.3.зорилтот бүлгийн залуучуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагааг сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулах;

15.1.4.хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамж, халамжийн үйл ажиллагаанд сайн дурынхан, аж ахуйн нэгж, байгууллага хамтран ажиллахыг дэмжих.

15.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т заасан сайн дурын болон хүмүүнлэгийн ажилд оролцсон залуучууд болон залуучуудын иргэний нийгмийн байгууллагын сайн туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан алдаршуулж, олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ.

15.3.Энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т заасан сайн дурын ажилд оролцсон цагийг бүртгэж, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ, ЧИГ ҮҮРЭГ

17 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

17.1.Улсын Их Хурал залуучуудын хөгжлийг дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.залуучуудын хөгжлийг хангах төрийн бодлогыг тодорхойлох;

17.1.2.залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлах;

17.1.3.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

17.1.4.хууль тогтоомжид заасан бусад.

18 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

18.1.Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

18.1.2.залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг батлах;

18.1.3.залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагаа болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, өргөн мэдүүлэх;

18.1.4.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

18.1.5.хууль тогтоомжид заасан бусад.

19 дүгээр зүйл. Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

19.1.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр дараахь чиг үүрэгтэй:

19.1.1.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тайлагнах;

19.1.2.залуучуудын асуудал хариуцсан бүх шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;

19.1.3.залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

19.1.4.залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх, тухайн салбарт ажилласан байдлыг ажлын туршлагад тооцох тогтолцоог бий болгох;

19.1.5.оюутан, суралцагчид цагийн ажил хийх тогтолцоог бий болгож, хэрэгжилтийг зохион байгуулах;

19.1.6.хууль тогтоомжид заасан бусад.

19.2.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цэргийн насны залуучуудын цэргийн алба хаах хүсэл, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

20 дугаар зүйл. Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

20.1.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр дараахь чиг үүрэгтэй:

20.1.1.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

20.1.2.орон нутгийн салбар, нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, ажлын уялдаа холбоог сайжруулах арга хэмжээ авах, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх;

20.1.3.залуучуудын асуудал эрхэлсэн бүх шатны байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

20.1.4.залуучуудын талаар мэдээллийн сан бүрдүүлж, хөтлөх;

20.1.5.залуучуудын хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлж, амжилт гаргасан хуулийн этгээдийг алдаршуулах, шагнаж, урамшуулах;

20.1.6.залуучуудын үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих;

20.1.7.залуучуудын хөгжлийн чиглэлээр хууль тогтоомжийн хүрээнд гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

20.1.8.энэ хуулийн 8.1.2, 8.1.5 дахь заалт, 9.4 дэх хэсэг, 10.1.4 дэх заалтад заасан чиг үүрэг, арга хэмжээг гэрээний үндсэн дээр төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

20.1.9.хууль тогтоомжид заасан бусад.

20.2.Энэ хуулийн 20.1.4-т заасан мэдээллийн санг бүрдүүлэх журмыг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Үндэсний статистикийн хороо, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага хамтран батална.

20.3.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвтэй байна.

20.4.Энэ хуулийн 20.3-т заасан залуучуудын хөгжлийн төвийн дүрмийг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

20.5.Залуучуудын хөгжлийн төв нь дараахь чиг үүрэгтэй:

20.5.1.залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт явуулах;

20.5.2.залуучуудын эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд бүх түвшинд оролцож, саналаа холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх боломжийг бүрдүүлэх, мэдээллээр хангах;

20.5.3.залуучуудын хүсэл, сонирхол, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан сонирхлын клуб, зөвлөл, бүлгийн үйл ажиллагааг дэмжих;

20.5.4.залуучуудыг хууль зүйн туслалцаа болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд холбон зуучлах;

20.5.5.залуучуудад гэр бүлийн боловсрол олгох, залуу гэр бүл тулгамдсан бэрхшээлээ хамтран даван туулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх бүлгийн уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгуулах санал, санаачилгыг дэмжих;

20.5.6.зорилтот бүлгийн залуучуудыг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллээр хангаж, ажилд зуучлах;

20.5.7.залуучуудын гарааны компани эрхлэхийг дэмжих чиглэлээр орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагатай хамтран ажиллах.

20.6.Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь орон нутаг дахь залуучуудын хөгжлийн төвийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

20.7.Залуучуудын хөгжлийн төв нь залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн ажлын алба байна.

20.8.Залуучуудын хөгжлийн төв нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжинэ.

21 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг

21.1.Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ залуучуудын хөгжлийг дэмжих талаар дараахь чиг үүрэгтэй:

21.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудын салбар зөвлөлийг тэргүүлэх;

21.1.2.залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

21.1.3.залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах төсвийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

21.1.4.энэ хуулийн 11.1.7 дахь заалт, 13, 14, 15 дугаар зүйлд заасан арга хэмжээг залуучуудын оролцоог дэмжих тусгай хөтөлбөрийн дагуу харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

21.1.5.энэ хуулийн 9.5 дахь хэсэг, 11.1.7 дахь заалт, 20.8 дахь хэсэгт заасан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгах;

21.1.6.хууль тогтоомжид заасан бусад.

22 дугаар зүйл. Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөл

22.1.Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутагт залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тус тус тэргүүлнэ.

22.2.Залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг төрийн байгууллага, залуучуудын иргэний нийгмийн байгууллага, залуучуудын төлөөллийг оролцуулан Зөвлөлийн тэргүүн батална.

22.3.Залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.

22.4.Залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөл нь дараахь чиг үүрэгтэй:

22.4.1.залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад зөвлөх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шаардлагатай арга хэмжээ авах;

22.4.2.залуучуудын хөгжлийг дэмжих, эрх ашгийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд залуучууд, залуучуудын иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах, гаргасан санаачилгыг дэмжих;

22.4.3.залуучуудын хөгжлийг дэмжих асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

22.4.4.залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн дүрэмд заасан бусад.

ТАВДУГААР БҮЛЭГ

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН

23 дугаар зүйл. Залуучуудын хөгжлийг дэмжих сан

23.1.Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ Залуучуудын хөгжлийг дэмжих сан /цаашид “сан” гэх/ -тай байна.

23.2.Сангийн үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална.

23.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХУУЛИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ

24 дүгээр зүйл. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

24.1.Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.

24.2.Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу энэ хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ.

24.3.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.4.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД

25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

25.1.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                            М.ЭНХБОЛД