НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын идэвхи, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” хакатон уралдааныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс энэ сарын 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаанд нийт 24 төсөл өрсөлдөж, сүүлийн шатанд шалгарсан шилдэг 5 багийн хамт олонд мэргэжлийн менторууд болон зочин илтгэгч нар “Нийслэл Улаанбаатар хотын залуучуудын өнөөгийн байдал, статистик тоон мэдээлэл”, “Ухаалаг Улаанбаатар /SmartUB/”, “Төр хувийн хэвшлийн түншлэл”, “Төслийг хэрхэн хөгжүүлэх вэ?”, “Хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ?” зэрэг сэдвүүдээр зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Уралдаанд оролцогчид олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цагийн турш “Стартап терминал” ХХК-ийн бойжуулах төвд байршин, оюун ухаанаа уралдуулан шилдгээ шалгаруулав.

Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцууллаа.

Уралдааны шилдэг 5 багаар “Смарт Зэл”, “Эко Тог”, “UB Menu”, “UB parking”, “IOT device management” багууд шалгарч, тэргүүн байранд “Смарт Зэл” багийн “Авто зогсоолын ухаалаг IOT шийдэл” төсөл шалгарч 3 сая төгрөг, дэд байранд “UB Menu” багийн “UB Menu” төсөл шалгарч 2 сая төгрөг, гутгаар байранд “IOT device management” багийн “Beetle” төсөл шалгарч 1 сая төгрөгөөр шагнуулсан бөгөөд гэрээ, хэлэлцээр хийсний дараа “Стартап терминал” ХХК-аас 21 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффис, орчин нөхцөлөөр хангах юм.

Мөн тэргүүн байранд шалгарсан багийн төсөлд хэлэлцээр хийсний үр дүнд “Үндэсний Стартап фанд” ХХК 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд шилдгээр шалгарсан багууд уралдааны дэмжигч “Golden gym”, “Mobinet”, “Biz academy” “itools” зэрэг байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллын эрхийн бичиг болон бусад дагалдах шагналуудыг хүртлээ.